Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Уламжлалт уях зангидах урлал

Илтгэсэн хурлын нэр: МУБИС, Магистрант, докторантуудын ЭШ-ний бага хурал

Илтгэгч:  Б.Жаргал

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2016-04-11

Илтгэлийн хураангуй:

Хураангуй:

Хүн төрөлхтний гарал үүсэлтэй хамт үүсэж хөгжиж ирсэн урлалын нэг нь уяа зангилаа бөгөөд хүний ур ухааныг багагүй шаардахаас гадна хүний амьдрал, нийгмийн соёл, шинжлэх ухаан, уран үйлэнд ихээхэн үүргийг гүйцэтгэж иржээ. Уяа зангилааны эхлэл нь энгийн дан зангилаанаас эхлэн хэдэн янзаар давхарлах, мөчир салаа гарган дүрс үүсгэж болдгоороо урлагийн нэг том бие даасан салбар болдог. Хүн сүргийн үед ан амьтан агнаж түүнийгээ хооронд нь холбож мөрөн дээрээ тохох, хүчтэй нараас өөрийгөө хамгаалахын тулд агнасан амьтныхаа арьсыг модонд тэлж уяад сүүдэрт нь хоргоддог байсан, өвс ургамал сүлжиж зангидах зэргээр малгай хийдэг, бог мал, үнэг мэт амьтны арьсыг нөмөрч уяж зангиддаг байсан зэргээс үзэхэд уяа зангилаа эрт үүссэн гэж үзэх үндэстэй. Уяа зангилааг зангидах арга ажиллагаагаар нь хэд хэдэн бүлэг болгон хуваана. Энгийн гоёл чимэглэлийн, уран сэтгэмжийн буюу тоглоомын зангилаа гэж ангилна. Уяа зангилааг энгийн бөс бараа төрөл бүрийн утас, дээс, сурнаас эхлэн төмөр, мод хатуу эдээр зангидан дүрс үүсгэнэ. Уях зангидах урлал нь нэхмэл сүлжмэлээс ялгаатай бөгөөд уях зангидах урлалыг нэхмэл сүлжмэлтэй хослуулан урлаж бүтээх нь түгээмэл байдаг учираас нэг урлал гэж андуурах нь элбэг байдаг.  Уяа зангилаа нь бусад улс оронд уран зангилаа буюу макраме нэршлээр дэлгэрсэн. Уях зангидах урлал эрт үед хүний хөгжилтэй хамт үүссэн цагаасаа эхлэн манай монгол үндэсний гар урлалын нэгээхэн том хэсэг нь болж ахуйн хэрэглээ болон гоёл чимэглэл, тоглоом наадгай зэргээр хөгжиж ирсэн ч анхны хэлбэр дүрс үндсэн зангидах технологи дарааллаа алдахгүйгээр хөгжиж ирсэн ба  үндсэн зангилаануудыг хооронд нь хослуулж урлах арга барил нь шинэчлэгдэн улам баяжигдсаар байна.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #зангиа хүзүүндээ зохидог #Зангилаа уяандаа зохидог

Илтгэл нэмсэн: Б.Жаргал