Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын макро эдийн засгийн одоо ба ирээдүй

Илтгэсэн хурлын нэр: Математик статистикийн сургуулийн эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  Т.Батболд

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-04-18

Илтгэлийн хураангуй: Өнгөрсөн 2011 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад макро эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд
өндөр өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын олборлолт их хэмжээгээр нэмэгдсэн нь
экспорт болон төсвийн орлогыг огцом нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд шууд болон шууд
бусаар хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа нүүрсний экспорт 2010 онд 16.7 сая тонн байсан бол 2011
онд 21.1 сая тонн, төмрийн хүдрийн экспорт 2010 онд 3.6 сая тонн байсан бол 2011 онд 5.8 сая
тоннд тус тус хүрчээ. Засгийн газрын тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 31.6 сая тонн,
төмрийн хүдрийн экспорт 6.3 сая тоннд хүрэхээр байгаа. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ
онд ч багагүй хувиар өсөх тооцоо гараад байна. Хэдий эдийн засгийн өсөлт өндөр байж болох ч
орлогын тэгш хуваарилалт гэдэг зүйлийг анхаарч байх ёстой. Орлогын тэгш бус хуваарилалт
өндөр байвал эдийн засгийн өсөлт хүн бүхэнд хүртээмжтэй бус байх бөгөөд ард иргэдийн
амьжиргаа өссөн гэж шууд дүгнэж болохгүй.
Эдийн засгийн өсөлт өндөр байх таамаглал байгаа хэдий ч үүнтэй зэрэгцээд инфляцийн
дарамт их хэвээр байсаар байна. Төгрөгийн ханшийн огцом сулралт, нефтийн бүтээгдэхүүний
дотоодын үнийн өсөлт, эдийн засгийн халалт, мөнгөний зах зээлийн тэлэлт зэрэг нь тодорхой
хугацааны хоцролттойгоор суурь инфляци өсөх шалтгаан болдог. Үүний хажуугаар мах, махан
бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээврийн үйлчилгээний үнэ өссөн нь хүнсний инфляцийг
тасралтгүй бий болгосоор байна. Мөн иргэд, аж ахуй нэгжүүд инфляци цаашид нэмэгдэнэ гэсэн
хүлээлттэй байх нь бодит байдал дээр инфляцийг бүр илүү өсгөж богино хугацааны эрэлтээс
гаралтай дарамтыг бий болгодог.
Инфляцийн хүлээлт өндөр байх нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Банк,
санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн хүүгээр дамжуулан зээлийн хүү өндөр байх
нөхцлийг бий болгож эргээд үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтийг сааруулдаг. Уул уурхайн
баялагтай холбоотой томоохон өсөлтүүд гарах хэдий ч уул уурхайн бус салбарын өсөлт саарах
эрсдэлтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Т.Батболд