Түшиг цагаан нуурын эмчилгээний шаврын химийн найрлага
Илтгэсэн хурлын нэр: БУС-ийн химийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  С.Борхүүхэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-25
Илтгэлийн хураангуй: Энэхүү судалгааны ажилдаа Монгол орны Сэлэнгэ аймгийн Түшиг цагаан нуурын эмчилгээний шаврын ерөнхий ба бальнеолог, физик механикийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, эрдсийн болон элементийн найрлага, органик уусгагчид уусдаг нэгдлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоосноос гадна липид, гумины бодисыг ялгаж шинж чанарыг нь судалсан болно. Түшиг цагаан нуурын эмчилгээний шаврын чийг 43,98-55,32%; хувийн жин 1,5-1,65 г/см3; рН 7,5-8; хүхэртустөрөгчийн агуулга 0,04-0,85%, механик хольц 0,41-2,82%; үнслэг 95,61-97,17%; дэгдэмхий бодис 2,74-4,38%, органик нүүрстөрөгч Сорг(1,07-2,36%) байна. Органик бодисын агуулга хэвийн хэмжээнд бальнеологийн шаардлага хангахуйц байна. Туйлт болон туйлгүй уусгагчид хандлагдсан нийлбэр хандын агуулга 0,9333% байна. Эмчилгээний шаврын органик уусгагчидад уусдаг нэгдлийн нийлбэр хандын хуурай үлдэгдлийн хлороформд уусдаг хэсгийн бүрэлдэхүүнд хроматомасс-спектрт 47 нэгдлийн шингээлт илэрсэн. Үүнд: нийт Хлороформд уусдаг хэсгийн хуурай үлдэгдэлд С13-С18 бүхий ханасан нүүрсустөрөгчид 2,72%, С21-С29 бүхий ханасан нүүрсустөрөгчид 3,61%, С14-С16 бүхий ханаагүй нүүрсустөрөгчид 0,33%, С20 бүхий ханаагүй нүүрсустөрөгчид 0,98%, диалкилфталатууд 6,49%, элемент хүхэр 16,58%, нэг суурьт спиртүүд 50,4%, цагирагт нүүрсустөрөгчид 0,66 %, гетероцагирагт нэгдэл 0,78 %, галогент уламжлал 0,38%, стероидууд 1,1%, ароматик нүүрсустөрөгчид 0,14%, азот агуулсан нэгдэл 0,54%, таньж тодорхойлогдоогүй 10,42% тус тус агуулагдаж байгааг тогтоов. Судалгаанд хамрагдсан Түшиг цагаан нуурын шаврын ерөнхий үзүүлэлт (1-р хүснэгт)-ийг эмчилгээний шаврын ерөнхий үзүүлэлттэй харьцуулж үзвэл энэ шаврыг хүхэрт учтөрөгчит, лаг шаварт хамруулж болох юм.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #ерөнхий үзүүлэлт #гумины бодис #липид