Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын 1990 оны хувьсгалын түүхэнд холбогдох зарим уриа, лоозон, зурагт хуудасны тухайд

Хэвлэлийн нэр: ACTA HISTORICA. TomusXVI

Зохиогч:  М.Шолпан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-12-01

Хуудас дугаар: 289-302

Өгүүллийн хураангуй:

Монголын 1990 оны хувьсгалын түүхэнд холбогдох зарим уриа, лоозон, зурагт хуудасны тухайд

 1980-аад оны дунд үеэс гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас монголчуудын улс төрийн идэвх, үндэсний ухамсар нь сэргэж, эвлэлдэн нэгдэж, тайван замаар жагсаал, цуглааныг зохион байгуулж, өөрсдийн үйл хэргийн зорилго, санаа бодлыг илэрхийлж, төр засгийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилж, шаардлага тавих болсон. Энэхүү үйл хэрэгтээ уриа, лоозон, зурагт хуудсыг ашигласан бөгөөд маш богино хугацааны дотор хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчилсан төр, иргэний нээлттэй нийгмийг бүрэлдүүлэх, шударга ёсыг тогтоох гэх зэргээр агуулга, үзэл санаа нь эрс өөрчлөгдсөн.

Ийн тэдгээрийн үг хэллэг, шаардлага зэрэг нь хурцаар илэрхийлэгдэх болсны зэрэгцээ ихэнхийг нь монгол хэлээр, харин зургаан лоозонг англи хэлээр бичсэн байна. Энэ нь тооны хувьд цөөн боловч гадны улс оронд Монголд өрнөж буй үйл явцыг мэдээллэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн “Үнэнийг нууж үнэнд хүрэхгүй”, “Хүний эрх жаргалан мандтугай” гэх зэрэг лоозонг монгол бичгээр бичсэн нь уламжлалт хэл, соёл болоод үндэсний ухамсар сэргэж буйн илрэл байсан.

Хэн ч харсан шууд ойлгох хурц, дайчин дүрслэлтэй, энгийн тод мөртлөө зоримог үг хэллэгтэй эдгээр уриа, лоозон, зурагт хуудаснуудыг зохиож бүтээхэд янз бүрийн мэргэжлийн залуучуудын дотроос зураач, архитекторч, барималч зэрэг (Л.Нямсүрэн, Т.Баяраа нарын) уран бүтээлчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэд эдгээрийн аль алиныг нь гар аргаар хийсэн байна.

1990 оны хувьсгалын түүхэнд холбогдох уриа, лоозон, зурагт хуудас нь тоо ширхэгийн хувьд цуглаанаас цуглаанд нэмэгдэж байсан бөгөөд зурагт хуудаснууд нь тооны хувьд цөөн байжээ. Тэдгээрийн ихэнх нь тухайн үедээ өөрийн үүргээ гүйцэтгээд алга болсон байна. Тухайн үеийн тэмцлийн гол “зэвсэг” болсон уриа, лоозон, зурагт хуудаснууд нь улс төрийн ангилалд хамаарч байна. Эдгээр нь өрнөж буй үйл явдлын талаарх мэдээлэл хомс тэр цагт түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчилах, уриалан дуудах, урам зориг өгөх зэрэг үүргээ сайн гүйцэтгэж байснаараа түүхэн ач холбогдолтой юм.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #жагсаал цуглаан #улс төрийн суртал ухуулгын хэрэгсэл #уран бүтээлчид #хүний эрх чөлөө

Хавсаргасан файл:

АСТА 2015 М.Шолпан.docx;


Өгүүлэл нэмсэн: М.Шолпан